+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Thursday, 2024-04-18, 7:59 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » October » 27 » Уран зохиол:: Зүүдэн доторх зүүд (Адал явдалт зохиолын 4-р хэсэг)
12:36 PM
Уран зохиол:: Зүүдэн доторх зүүд (Адал явдалт зохиолын 4-р хэсэг)

Уран зохиол::

 Зүүдэн доторх зүүд

(Адал явдалт зохиолын 4-р хэсэг)


- Нийгмийн сэтгэл зүйн антироман -

C.Зоригийн гэгээн дурсгалд зориулав

Үргэлжлэл.

АРВАННЭГ. ТӨӨРӨГ
Хүү нохой болох гэж маш их зовсон. Эхлээд түүний бүх бие дагжтал чичрэн, хамаг эрхтэн нь салчих шахам өвдөөд байхаар шуудхан л нохой болчихвол өвдөх ч үгүй, даарах ч үгүй амар болчих байхдаа гэж мөрөөдсөн. Гэвч хүслээр нь болоогүй. Хүү бүр гурав, дөрвөн өдөр тийнхүү өвдөж, чичирч үйл тамаа эдэлсэн. Тэгж байгаад нэгэн сартай шөнө ингэж зовж байхаар юу ч сонсдоггүй, юу ч мэдэрдэггүй мод, чулуу болчих юмсан гэж хүссэн. Хүү тэгэхдээ "Шороо болвол бас л зовох байх даа? Хүн болгон миний дээр гишгэнэ, бас энэ олон машин, тэрэгнүүд үргэлж дайрна. Тэгэхлээр би дахиад л зовох байх даа? Өвөө яаж бурхан болсон юм бол оо? Өвөө лав Ганданд байхгүй байсан. Ганданд байгаа тэр бурхнуудын дотор нь ороод суучихсан юм болов уу гэсэн чинь үгүй байсан. Тэр хүв хүйтэн чулуун бурхдын аль нэг нь өвөө байсан юм болов уу? Арай л үгүй баймаар юм. Үгүй л байсан даа. Өвөө бурхан болсон ч үнэн л бол яамай даа. Бурханд хүн болгон мөнгө төгрөг өгөөд л. Тэр мөнгө төгрөгөөр бурхнууд яадаг юм бол доо? Жанрайсиг гэдэг тэр том бурхан бол аймаар том сүртэй бас баян бурхан юм. Яасан ч олон жижигхэн бурхад түүнийг тойроод байдаг юм бэ дээ. Тэр жижигхэн бурхдын нэг нь өвөө маань ч байж мэдэх юм. Тэгвэл өвөө маань над шиг ингэж зовж зүдрэлгүй сайхан л байгаа даа” гэж бодож байсан. Хүү тийнхүү бодож, өвчнөө мартчихсан байжээ. Хүүг бодлоо дуусгаж амжаагүй байтал нь тархи, толгой, гар, хөлийнх нь өвчин зүв зүгээр болчихсон. Өлсөхөө ч байчихсан, даарахаа ч байчихсан. Нэг л жаргалтай юм шиг болчихсон.

....................

  
Хүү учрыг нь ололгүй юу болсныг ойлгох санаатай эргэн тойрноо хартал тэр өөрөө хоёр болчихсон байж. Тэсэхүйеэ бэрх өвдөн үйл тамыг нь цайлгаж байсан зовлонт бие нь тэртээ дор эвдэрхий тоосгон байшингийн цементэн шалан дээр дээшээ хараад ямар ч мэдээ, сөхөөгүй унтаж байжээ. Харин агаарт шувуу мэт хөвөн нисэх нэг бие нь ямар ч дүрсгүй, гар, хөлгүй, үзэгдэх, баригдах юмгүй зүв зүгээр л нэг цэнхэр гэрэл байсан. Хүү өөрийгөө "Зүүдэлж байна даа. Их сонин юм байна” гэж бодсон. Үнэн хэрэг дээрээ энэ нь зүүд биш байсан. Түүнээс хойш хүү ерөөсөө өвдөөгүй, даараагүй, өлсөөгүй билээ. Харин түүнд нохой болох уу, хүн болох уу, аль эсвэл өөр юу ч юм болох уу гэсэн эргэлзээ байнга төрдөг болсон. Хүү тийн хоёр хуваагдаад удтал олон хоногийг өнгөрүүлсэн. Нэг удаа тэр өөрийнхөө өвддөг байсан, өлсдөг байсан биеийг юу болж байгааг харахаар очтол түүний биенээс юу ч үлдээгүй, тэр бие нь хаашаа ч юм алга болчихсон байсан. Хүү тэгэхлээр нь өөрийнхөө тэр биеийг олохоор Улаанбаатарын бүх л байшингуудаар, орц хонгилоор, айл болгоноор орсон. Тэгж явахдаа тэр өвддөг биетэй байхдаа үзээгүй бүх зүйлээ үзсэн. Баян чинээлэг хүмүүст тэр мөнгө гэдэг санасан бүхнээ авч болдог зүйлийг яаж олдог вэ гэдгийг ойлгосон. Хүмүүс ямар өөдгүй байдаг, нохойноос хэд дахин дор байдгийг хүү ойлгосон. Хүмүүс нэг нэгнээ далдуур хичнээн муулдаг, нэг нэгнийхээ мууг үзэхийн тулд яахаас ч буцахгүй байдгийг хараад ухаан жолоогүй айсан. Хүү нэг удаа банкны эзэн эр хүмүүст очих ёстой гадаадаас тусламжаар хүрсэн мөнгийг хэрхэн муу аргаар хуйвалдан авч байгааг хараад "Ийм хүмүүс л бусдынхаа юмыг булаагаад, дээрэмдээд, хулгайлаад авчихдаг болохоор л зарим хүмүүс нь хүн биш амьтан болчихдог юм байна даа” гэдгийг ойлгосон. Хүү тийнхүү айл болгоноор, байшин болгоноор хэрэн хэсч явахдаа хүмүүс яахаараа өвддөг, өлсдөг, бүр амьтан болдгийг харж авсан.
   
Эцэст нь хүү Улаанбаатараас холгүй орших оршуулгын газар өөрийнх нь биеийг огт танихгүй хүмүүс газарт булахыг хараад "Өө, би яг өвөө шигээ болчихсон байна ш дээ. Өвөөгөө олохгүй байсан чинь хүмүүс өвөөгийн үлдсэн биеийг нь ингээд газарт булчихсан юм байна. Тэгээд л өвдөхгүй, өлсөхгүй болчихсон юм байна. Одоо би нохой болж болох байх. Өвөө маань ингэж байгаад л бурхан болчихсон юм байна даа. Өвөө намайг харж байсан байна шүү” гэж санаад баярласан. Хүү тэгээд нохой болох гэж маш их зовсон, маш их хичээсэн. Хүү нохой болно гэдэг чинь шууд л нохой болохгүй их л юм үзэж, харж байж болдог юм байна даа гэдгийг ухаарсан. Тийнхүү нохой болохын тулд хүү хэсүүчилж яваад хэдэн хүмүүс өвөөгийнх нь ярьж байсан Зориг гэдэг хүнийг муулж, бидний замд саад болох гээд байвал хөнөөх хэрэгтэй гэж ярьж байхыг мэдсэн. Эхлээд хүү "Энэ хүмүүс яагаад тэр сайн хүнийг муулаад байгаа юм бол? Тэр хүн яачихсан юм бол доо?” гэж бодоод учрыг олох гэж хэрэндээ л хичээсэн. Гэтэл тэр хүмүүс түүнийг өвөөгийнх нь хэлснээр "дээш нь гаргахгүйн” тулд тэгж байгааг ярианаас нь олж мэдсэн. Хүү тэгээд С.Зориг гэдэг хүн дээр очоод "Таныг хүмүүс хөнөөх гээд хуйвалдаад байна” хэмээн хэлэх гэтэл өөрөөс нь ямар ч дуу, чимээ гараагүй. Зориг гэдэг хүн ч түүнийг ер олж хараагүй.
   
Хүү тэгэхлээр "Би одоо хэнд ч харагдахгүй, тэгсэн хэрнээ шувуу шиг нисээд байгаа юм байна. Ерөөсөө хурдхан шиг нохой болъё. Нохой болж байгаад түүнд санаагаа ойлгуулъя” гэж нохой болохын тулд дахиад л хүлээж, хичээж гарсан. Тэгж, тэгж байгаад арай чүү нэг юм нохой болсон. Төмөр замын өртөө бараадан тэнэж явдаг нэгэн золбин жингэр гурван гөлөг гаргасан. Эхний хоёр гөлгөнд нь хаа нэгтэйгээс өөртэй нь адилхан үзэгдэх биегүй зүйлс тэр дор нь л цэнхэр дөлөө шингээгээд гөлөг болоод хувирчихсан. Түүний дараа гарсан гөлгөнд хүүгийн бие нэг л сонин часхийсэн өвдөлт аваад үл мэдэг гал улалзуулан орсон. Хүү тэгээд гөлөг болчихсон. Олон өдөр хүсэн хүлээсэн нохойныхоо амьдралыг тэгж л үзсэн. Хүү түүнээс хойш өөрийгөө нохой гэдэгт итгээд нохой болчихлоо хэмээн бодож байсан боловч үнэн хэрэг дээрээ хүн ч биш, нохой ч биш байх үеийн тэрхүү зовлон, бодол сэтгэлд нь тэр чигээрээ үлдсэн байсан. Эхэндээ хүүг хуцах гэж оролдоход нь дуу нь даанч арчаагүй, дэндүү сул дорой сонсогдож билээ. Хүү тэгэхэд "Би ч азгүй юм даа. Нохой ч болж чадахгүй нь” гэж гуниглангуй бодсон юм. Тэгээд аажмаар дуу нь бүдүүрэн чангарч, хөл, гарт нь бяр сууж хатуужиж эхлэхээр "За даа. Одоо л нэг юм нохой болж санаа амрах нь” хэмээн тайвширсан билээ. Түүний дараа гөлөг мөнөөх аюултай хүмүүс Зориг гэдэг хүнийг хөнөөх гээд байгааг гэнэт санаад ямар ч байсан түүнийг аврах гээд тэднийх рүү шогшин очсон ажээ.

АРВАНХОЁР. ОПЕРАЦИ
Хотын төв дэх тохилог ажлын байрандаа бизнесмэн эр "Ху овогт” хэмээх операци гардан зохион байгуулах эртэй операцийн талаар ярилцахаар яаралтай дуудав. Угийн дуулгавартай Ху овогт эзнийгээ дуудсан даруйд нүд ирмэхийн зуур хүрч ирлээ. Бизнесмэн эр түүнээс "Бүх зүйл жин тан биз дээ? Маргааш чиний хэлснээр эцсийн өдөр шүү дээ. А, Б төлөвлөгөө чинь баараггүй биз дээ? Би саарал ордныхонд бүх ажиллагаа хангалттай бэлтгэгдчихсэн гээд хэлчихсэн. Болно биз дээ?” гэж шавдуулан асуулаа. Ху овогт "Та А төлөвлөгөөний талаар ерөнхийд нь мэдэж байгаа байх. А төлөвлөгөө бол яг л ярьснаараа хийгдэнэ. Өнөөдөр би Бат болох Мөнхөө, Оюун болох Энхтуяа нартай уулзаж, тэдний хийх ажлыг зуун хувь хуваарилж өгнө. Манай хүмүүс тэр хоёрыг сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд хяналтдаа байлгасан. Аль аль нь бидний ажлыг гардан хийж чадах хүмүүс гэдэг нь нотлогдсон. Бат болох Мөнхөөг миний баруун гар гэж хэлж болох цагдаагийн нэг офицер надад зааж өгсөн. Өмнө нь нэг бус удаа аллага хийж байсан яахаас ч буцахгүй эр гэж танд хэлж байсныг та санаж байгаа байх. Оюун болох Энхтуяаг ч гэсэн та мэдэж байгаа. Тэр хоёрын аль аль нь л сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байгаа. Харин би тэдэнд яг хэн гэдэг хүнийг хөнөөлгөх гэж байгаагаа өнөөдөр орой хэлнэ. Өнөө оройноос хойш тэднийг шууд хараандаа авч тусгай газар хяналтдаа байлгана. Тэгээд манай зарим хүмүүсийн тодорхой мэдээллийн дагуу тэднийг тодорхой цагт гаргаж, А төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулна. Яг хаана уг операцийг явуулж болохыг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас тодорхойлон үйлдүүлнэ. Танд хэлж байснаараа тав дахь өдөр бүх зүйлийг дуусгавар болгоно. А төлөвлөгөөний бүх үйл ажиллагааг би өөрөө хянаж байна. Харин Б төлөвлөгөөнд миний ярьж байсан нөгөөх Хятадын мэргэн бууч оролцоно.
   
А төлөвлөгөөний ёсоор операцийг гардагчдыгаа би өөрийн биеэр цэвэрлэнэ. А төлөвлөгөө бүтэхгүй бол Б төлөвлөгөө бол шууд буудахаар төлөвлөгдсөн байгаа. Б төлөвлөгөөгөөр хэрэг үйлдэх цэгт асуудал гарвал гардагчдыг ч, гэрчүүдийг ч, операцийн байг ч шууд л мэргэн бууч устгана гэсэн үг юм. Бид урьдчилаад хэргийг үйлдэж болох бүх газруудыг судлаад мэргэн буучаа хаана, хаана байрлуулж болохыг тодорхойлчихсон байгаа” хэмээн эзэндээ хийх ажлынхаа талаар нэг амиар шахуу ярьж дуусав. Бизнесмэн эр "За, болж, болж. Чи ч энэ талаар хангалттай туршлагатай хүн. Би өөр нэг их юм яриад юу хийхэв дээ. Би чамд одоогоор өгөх ёстой мөнгөний чинь гучин хувийг өгсөн гэдгийг чи мэдэж байгаа. Маргааш бүх үйл ажиллагаа болж өнгөрсний дараа ахиад гучин хувийг чинь өгнө. Үлдсэнийг нь гардагчдыгаа цэвэрлэсний чинь дараа өгнө. Болно биз дээ? Шударга биз дээ?” хэмээн өгүүлэв. Ху овогт "Тэгэлгүй яахав. Би чинь хүнд итгэвэл итгэсэн шиг итгэдэг. Хүн итгэл алдвал өширхсөн шиг өширхдөг хүн дээ” хэмээн өгүүллээ. Энэ нь "Чи надад хэлснээрээ байхгүй бол өөрийг чинь ч яаж ч чадна шүү” гэсэн далд санаа байлаа. Бизнесмэн эр түүний яриаг огт сонсоогүй юм шиг хар, цагаан дуугүй байснаа "Маргааш болтол баяртай. Маргааш холбоо барина биз дээ. Би юу болохыг хүлээгээд л сууж байя” гээд суудлаасаа өндийв. Ху овогт түүний үгний хариуд "Тэгэлгүй яахав. Маргааш уулзъя” гэснээ баяртай ч гэлгүй өрөөнөөс нь гарч одов. Бизнесмэн эр "Энэ ч зэвүүн эр дээ. Иймэрхүү хүн амьтдаас аль болохоор л хөндий байвал сайнсан. Даанч яаж ч болдоггүй юм гэж байх юм даа. За, яахав. Энэ удаа энэ нөхөр миний хүслийг биелүүлчихвэл болох нь тэр. Дараа нь яахав, учрыг нь олчихож болно биз. Эвгүйтвэл энэ эр манийгаа ч цааш нь харуулчихаж мэдэх амьтан шүү” хэмээн шүд зуун бодов. Бизнесмэн эрийн итгэл, зүтгэл хоёрыг нэг зэрэг төрүүлж буй энэхүү Ху овогт гэгч эр цагийн сайханд хүчний байгууллагад нөлөө бүхий ажил эрхэлж байсан хүн юм. Мөн л ардчиллын салхинд эрх ямба бүхий суудал, олз омогноосоо салсан тэрбээр бүгдийг үзэн ядалтын харцаар харж, үзэн ядалтынхаа бай болгож, хэн нэгний амь амьдралыг бусниулан бусдын цус, нулимсаар жаргал хийж яваа нэгэн билээ. Түүний араатан шинж төрхийг олж анзаарсан улс төр, эдийн засгийн далд бүлэглэлийнхэн шуналын оч үсэргэн нүдэнд нь цус ханхалсан мөнгө харуулж, өөрсдийнхөө замд саад болж буй бүхнийг зайлуулдаг болсон юм.

АРВАНГУРАВ. ШИЙДВЭР
Зоригийг өглөө гэрээсээ гарахад нь аанай л мөнөөх зовлонт гөлөг сүүлээ шарвалзуулан хөлийг нь ороон угтав. Зориг "Үгүй, энэ муу амьтны байж байгааг. Зайлуул даа” хэмээн нэг л анзааргагүй өгүүлснээ машиндаа суун хаалгыг нь тархийтэл хаалаа. Тэрбээр орцных нь үүдийг манах гөлгийг яах гээд байгааг анзаарах нь бүү хэл жолоочоо хэрхэн өөртэй нь мэндэлж байгааг ч анзаарсангүй. Зөвхөн түүний бодол, сэтгэлд "Ерөнхий сайдад нэр дэвшвэл олонхийн дэмжлэгийг авч чадах болов уу, яах бол?” гэсэн эргэлзээ тасралтгүй төрж байлаа. "Хэрэв олонхийн дэмжлэг авч чадахгүй бол нэг нэр, хоёр хоч зүүх л болно. "Энэ шар Зориг Ерөнхий сайд болж чадахгүй гэдгээ мэдсээр байж юун ч албан тушаалд дуртай золигов дээ. Түүнийг олонхи яаж дэмжих юм бэ? Ёстой бүтэхгүй байсан нь эхнээсээ тодорхой байсан юм” гээд л хэн хүнгүй тавлацгаах болно. Дээр нь нам доторх эрх ашиг, амбийц хөөсөн жижиг бүлэглэлүүдийн зөрчил улам үүснэ. Энэ Зориг фракц, бүлэглэлүүдийн эв нэгдлийг сахиулах нь бүү хэл бүр бусниулаад хаячихлаа гэцгээх болно. Тийм болохоор өнөөдөр зарим нэг хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцъё. Н.Багабанди Ерөнхийлөгч ер нь ямар бодолтой байгаа юм бол? Намайг Ерөнхийлөгч дэмжихгүй гэвэл тэгж цаг алдах, бусдын ажлыг хүндрүүлэх шаардлага ч байхгүй. Ерөнхийлөгч ямар нэгэн дарамт шахалт үзүүлэлгүй дэмжвэл олонхийн дэмжлэгийг авч магадгүй юм.
   
Гэхдээ хувь хүмүүсийн амбийц ингэтлээ хөдөлчихсөн байгаа энэ үед олонхийн дэмжлэг авна гэдэг бол бас л хүнд зүйл. МАХН-ын дийлэнх гишүүд намайг дэмжихгүй нь тодорхой. За, яахав. Ганц нэг гишүүдтэй нь биечлэн уулзаж, ярилцвал байдал арай өөр болж магадгүй л юм. Социал демократууд намайг ерөнхийдөө л дэмжихгүй байх. МҮАН-аас биш МСДН-аас Ерөнхий сайдтай болохыг тэд хүсч байж болох талтай. Тийм бол манай намынхныг  Ерөнхий сайдад нэр дэвших тохиолдол болгонд л соц-декүүд сөрөг товч дараад байна гэсэн үг. МАХН-ынхан бол угаасаа дараагийн сонгуулийг тэвчээртэй хүлээж чадахгүй, улс төрийн алдагдсан эрх мэдлийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа хүмүүс. Хүн гээч амьтан албан тушаалд ямар их дуртай байдаг юм бэ дээ. Тэр албан тушаалаа алдчихаар хэрхэн байж ядаж байдгийг МАХН-аас зарим албан тушаалтнууд харуулж байна. Харин Зэнээ гуай, Дашбалбар мэтийн шударга гишүүд намайг дэмжих л байх. Юутай ч гэсэн зарим хүмүүстэй Ерөнхий сайдад нэр дэвших тухай асуудлаа яръя байз. Тэгээд олонхийн саналыг авахаар байвал Ерөнхий сайдад нэр дэвшиж болох юм гэдгээ албан ёсоор хэлье байз” хэмээн бодож байлаа. Түүнийг ийнхүү нэг их бодолд дарагдсан аятай явахыг анзаарсан жолооч нь хаашаа явахыг нь асууж төвдөлгүй хотын төв рүү чиглэн алгуурхан явж байлаа.

АРВАНДӨРӨВ. ЗОВЛОН
Нохой болдог хүү нохой болохынхоо өмнө бусадтай адилхан хүмүүсийн дунд дуулж ч, тоглож ч үзээгүй юм. Бас хүүхдүүдтэй адилхан гоё хувцаслачихаад сүлд модны наадам дээр ч юм уу хаа нэгтээ ганц удаа ч атугай дуулж, бүжиглэж байсангүй. Аанай л гав ганцаараа өлсч, чичрэхийн зовлонг эдлэж ахуйдаа
    "Элэг зүрхнээс уяатай
    Энхрий Монгол нутаг минь
    Эцэг, эхээс заяатай
    Эрдэний алтан өлгий еэ” хэмээн дуулдаг байсан. Тэгж дуулж үзэх ахуйд нь өөрийн эрхгүй хоёр нүднийх нь нулимс асгардаг байсан. Түүнд "Халуун элгэн нутаг” хэмээх тэр дууг дуулахаар нэг л жигтэй хачин гуниг төрдөг байсан. Түүний хувьд халуун элгэн нутаг нь нэг их сүрлэг уулс, хаврын зөөлөн салхи, уудам шаргал тал, намрын зэрэглээ, зуны цэцэгс байгаагүй юм. Аль ч үед тэрээр тэр бүхнийг тэгтлээ дээдлэн сэтгэл зүрхээ огшоож байсангүй. Зүгээр л тэр дууг дуулахаар цээжинд нь гоц гойд юм мэдэгдэхгүй хэрнээ овоороод байгаа бөөн хар дарамтаа түр зуур аваад хаячихаж байгаа юм шиг болдог байсан ажээ. Түүнд "Халуун элгэн нутаг” дууны аялгуу хэзээ ч дахин уулзахгүй өвөөг нь, хэзээ ч уулзаж байгаагүй ээжийг нь авчирч өгөн бүхий л энэлэн шаналанг нь нимгэлэх шиг болдог байсан юм. Нохой болсноосоо хойш тэр хүний амьдралд байхдаа эдэлж байсан хамаг л зовлонгоо орхисон гэвэл худлаа болно. Тэр өвөөгөө ч бас ээжийгээ ч мартаагүй. Хүний амьдралаар амьдарч байсан бүх л зовлонгоо мартаагүй. Тийм болохоор түүнд хааяа бас дуулах хүсэл төрж байв. Гэвч дуулж даанч болохгүй. Нохой хуцна уу гэхээс дуулна гэж байхгүй. Ярьж чадахгүй байж дуулж чадна гэж ер байхгүй. Нохой ч бас хүсэл, сэтгэлтэй байдаг агаад тэр хүслээ дарахын тулд дуулахыг хүсдэг гэдгийг зөвхөн тэр л ийнхүү мэдэрсэн юм. Тэрээр хүн зөөврийн тэрэгнүүд дундуур хайвагнан шогшсоор Тээврийн товчооны зүүн урд үзүүрт нэгэн ногоон өнгөтэй ТҮЦ-ний дэргэд очлоо. Тэрхүү ТҮЦ-ний эзэн намхан шар авгайг тэр сайн мэдэх юм. Хүний амьдралаар амьдарч байхад нь тэр авгай түүнийг нэг өдөр хулгайд сэрдэж баллах шахаж билээ. Хоёр муу нимгэн сарьснаас нь  угзчин зулгааж, "Өдрийн орлогын маань хэдэн төгрөгийг хулгайлчихлаа” гээд нэг л их сүр бадруулан цагдаагийн газар аваачиж өгсөн юм.
   
Харин түүний хувьд аз тохион хүнлэг байрын цагдаа залуу таарч, яг хулгайлсан уу, үгүй юу гэдгийг нь нухацтайхан асууж байснаа гэм буруугүй гэдгийг нь мэдээд тавьж явуулсан юм. Ямар ч буруугүй байж тийнхүү хулгайд сэрдэгдсэндээ тэр маш их гутарч байсан. Гэлээ гээд яахав дээ, өнөөх хүмүүсийн ярьдаг шорон гэдэг аймаар юм руу нь авч яваагүй болохоор нь үг дуугүй баярлаад л арилж өгсөн хэрэг. Түүнээс хойш тэрээр тэдний ТҮЦ-ний орчмоор явахаасаа ухаан жолоогүй айдаг болсон юм. Харин нохой болсноосоо хойш нэг өдөр хий дэмий тэнэж яваад тэдний ТҮЦ-ний хажуугаар гартал мөнөөх гайтай авгай "Гөлөөг, май, май” гээд л учиргүй хэдэн хуушуурын үлдэгдэл шидэж өгсөн юм. Мах нь жаахан муудсан болохоос биш уул нь гайгүй амттай тэр хэдийг нь үмхэж орхисон. Түүнээс хойш тэрээр амтшин тэдний ТҮЦ-ний хажуугаар хааяа эргэлддэг болсон юм. Авгай ч гэсэндээ нэг их гавихгүй ч үе үехэн түүнд хоолны шавхруу шидэж өгдөг байв. Харин нэг удаа авгай, гөлөг хоёрын ганзага нийлж гайгүй наймаа хийчих шахсан юм. Яагаад вэ гэвэл хөдөөний байрын нэгэн өвгөжөөр эр тэдний ТҮЦ-д нэг өдөр хэдэн хуушуур идээд сууж байхад нь гөлөг аанай л шавхруу горьдон тэр хавиар эргэлдсэн юм. Тэгтэл авгай гөлгөнд хуушуурын хэдэн шавхруу шидэж өгсөнөө юу болсон юм, гэнэт л өнөө хүнд хандан "Та манай энэ гөлгийг хөдөө рүүгээ аваад явахгүй юм уу? Уул нь сайн нохойны гөлөг байгаа юм. Таныг авна гэвэл ганц хоёр мянган төгрөгөөр өглөө” хэмээн юу ч болоогүй юм шиг гөрж орхисон юм.
   
Өвгөн авгайн үгийг дув дуугүй сонсон хоолоо идсэнийхээ дараа тостой гараа арчсан төдий болчихоод гөлгийг барьж аван шилэн хүзүүн дээрээс нь, сүүлнээс нь хэдэнтээ өргөж үзсэн. Гөлөг хамаг арьс нь хуурах шахан тэсэхийн аргагүй өвдөж байсан ч өнөө л хүний амьдралд байхдаа мөрөөдөж байсан тэжээвэр нохойнхоо амьдралаар одоо л нэг амьдрах нь гээд бүхнийг тэсч час ч гэж гаслаагүй юм. Өвгөн тийнхүү хэдэнтээ гөлгийг шалгасныхаа дараа аман дотроо "Гайгүй л нохой болох бололтой юм” гэж үглэснээ авгайд хандан "За, тэгээд энэ гөлгийг чинь хэдэн төгрөгөөр авах болж байна?” хэмээн асуусан аж. Авгай наймаачин ухаан зааж "Би ямар нохойн наймаачин биш та өөрөө л мэдэхгүй юу” гэж өгүүлсэн юм. Өвгөн авгайд хандан "Хүүхээ, би таван мянган төгрөгөөр авчихъя гэж бодож байна” хэмээхэд авгай мөнөөх л наймаачин үржүүлэх ухаанаараа "Бусдыг нь арван мянган төгрөгөөр манай хүүхдүүд зарчихсан байсан. Уул нь наадхи чинь цээжний гөлөг нь байхгүй юу. Таныг яахав хөдөөний хүн болохоор би хямдхан өгч байгаа юм. Та яахав, найман мянган төгрөгөөр ав” хэмээжүхүй. Өвгөн авгайн үгийг ухаж байгаа янзтай хэдэнтээ гансран гөлөгний толгойг хий дэмий тонгочуулснаа үг дуугүйхэн өврөө ухан учиргүй их баадагнан боосон түрийвч дотроосоо гар зүсэм найман мянган төгрөг гарган авгайд сарвайснаа гэнэт нэгийг санав бололтой гөлгийг дахин барьж авснаа дээш нь өргөн эргүүлж үзээд "Өө, золиг. Энэ чинь охин гөлөг байхчинав” гээд наймаагаа буцааж орхисон аж. Авгай зүв зүгээр байгаад орж ирсэн олзоо буцааж гаргахгүйн тулд бүр хэдэнтээ хямдруулсан боловч зөрүүд өвгөн "Малын дэргэд охин нохой дэмий. Манай хөдөөд мал үржүүлдгээс нохой үржүүлдэггүй. Наад гөлгийг чинь зүгээр өгсөн ч авахгүй” гээд нударга хаялан явж одсон юм. Түүнээс хойш гөлөг бас нохой болоход, өөрийнх нь хүссэнээр айлын тэжээвэр нохой болоход заавал эр нохой болж төрөх хэрэгтэй юм байна даа гэж харуусан бодсон ажгуу.

Үргэлжлэл бий...


Category: Уран зохиол | Views: 1294 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz